Friday, February 4, 2011

Чингис хаан, Алан-гоо эх, Бөртө чонын тоонто нутгууд ба МНТовчоонд дурдагддаг зарим нэгэн түүхэн газруудын тухай

Дэлхийн түүхэндэх хамгийн том, их гүрэн болох Их Монгол улсыг үндэслэгч Чингис-хаан ба түүний өвөг дээдсийн тоонто нутгуудыг зөв тодорхойлох нь нийт монголчуудын маш чухал нэгэн асуудал билээ. Эрт дээр үед болж өнгөрсөн үйл явдлууд болон түүхэн хүмүүсийн төрсөн газруудыг тогтоохдоо зөвхөн үнэнг баримтлах учиртай . Орчин үеийн дэлхийн шинжлэх ухааны шинэ дэвшилт, ололт дээр тулгуурласан, ямар нэгэн хуучин, харанхуй, явцуу үзэл ойлголтод баригдалгүйгээр түүхийн асуудлуудыг тодорхойлох ёстой билээ.
“Монголын нууц товчоо”, ”Судрын чуулган” гэх мэт эртний түүхэн зохиолуудад Чингис хаан “Onan-nu deli’ün-boldaq” гэдэг газар мэндэлсэн хэмээн бичиж ирсэн бөгөөд уг газрыг эрж хайн тогтоох ажил үе үеийн дэлхийн эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татаж ирсэн.
Эрдэмтдийн судалгаагаар Чингис хааны төрсөн газрын талаар дараах санаа, таамгууд байдаг.
1. Буриадын анхны эрдэмтэн Дорж Банзаровын үзлээр Онон голын Их арал хавьд төрсөн хэмээн үзсэн байдаг.
2. Судар бичгийн хүрэлээнгийн захирал Онхуд Сангаажавын Жамъян Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Гурван нуурын хойд хөвөөнд уг газар байна гэсэн санааг анх гаргасан.
3. Мөн Онхуд С. Жамъяны Хан Хэнтий уулын баруун өмнө зүг Хэрлэн голын баруун этгээдэд Дэлгэрхаан хэмээх уулын өвөрт байж магад гэсэн санаа бас байдаг.
4. Ж.Бадамдаш, Д.Базаргүр нар Биндэр сумын төвийн өмнөх Ламын ухааг Дэлүүн болдог хэмээн үзсэн.
Өнөө цагийн Монгол улсын эрдэмтэд Чингис хааны төрсөн газар нутаг нь Монгол улсын Хэнтий аймгийн Онон, Балж хоёр голын боом бэлчирт Дадал сумын ойролцоо Гурван нуур хэмээх газар мөн гэж үздэг. Тус газарт их хаандаа чулуун хөшөө босгон олон арван жил зөвхөн энэ л нутгиййг эзэн хааныхаа төрсөн газар угаасан ус хэмээн үзэж ирсэн билээ.
Харин МНТовчоо болон бусад түүхийн судалгаа, сансраас авсан газрын зураг дээрх мэдээллийг судалж үзэхэд Чингис-хаан мэндэлсэн гэгдэж буй уг газар нь үнэндээ Бодончирын ургаасаа салан Онон гол уруу туугдаж хүрч очсон Онон гол, Балжийн голын боом орчмын Балжын голын арал болох нь ил байна. Иймээс манай эрдэмтэд Чингис хааны төрсөн газар нутгийг тогдоохдоо эндүүрч том алдаа хийсэн нь тодорхой байна.